Менежментийн сургууль: Профессорын семинар
Ankhbayar

2026 оны 2 сарын 4 (Лха)

Энэ удаагийн семинараар МУИС-ийн Бизнесийн сургуулийн Менежментийн тэнхимийн эрхлэгч Док(Ph.D), Проф З.Алтанчимэг “Олон улсын сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх боломж, туршлага хуваалцах нь” сэдвээр мөн Хиймэл оюуны сургалтын хэрэгцээний талаар хөтөлбөрт хамрагдсан Т.Нямдулам, Ц.Энхчимэг багш нар олж авсан мэдлэг мэдээллээ хуваалцав. Тус семинарт Менежментийн сургуулийн захиргаа болон 3 тэнхимийн нийт 22 багш, профессор хамрагдлаа.

Профессор З.Алтанчимэг h-Index 13-тай бүтээлч судлаачийн хувьд олон улсын судалгааны бүтээлийн платформууд (SCOPUS, WoS зэрэг) дээр хэрхэн бүртгэл нээж, хөтлөх, бүтээлээ хэвлүүлэх сэтгүүлийн impact factor-ыг нягтлах, сэтгүүлээ сонгохдоо анхаарах зүйлсийн талаар дэлгэрэнгүй тайлбарлалаа. Мөн судлаачдыг өгүүллээ ОУ-ын сэтгүүлд хэвлүүлэхэд сургууль, хамт олны зүгээс хэрхэн дэмжих боломжтой талаар нээлттэй ярилцлаа. Түүнчлэн Монголын судлаачдын бүтээл гологдох 2 үндсэн шалтгааныг Introduction, Discussion гэдгийг онцолж байсан нь сургамжтай байлаа.  

МС-ийн тэнхимийн Док(Ph.D) Ц.Энхчимэг, Т.Нямдулам нар МХТС-аас зохион байгуулсан “AI СУРГАЛТ”-д хамрагдсан бөгөөд сургалтын төлөвлөгөө, агуулга боловсруулахад болон суралцахуйн үр дүн, PLO & CLO-ийн матриц гаргахдаа хэрхэн промпт бичих талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Тэд хиймэл оюун ухаан бол багшийн зөвхөн туслах нь юм шүү гэдгийг онцолж байв.