“Жижиг атлаа үзэсгэлэнтэй” буюу “Цөлжилтийг удирдах технологи, инновац” сургалт
Ankhbayar

“Жижиг атлаа үзэсгэлэнтэй” буюу “Цөлжилтийг удирдах технологи, инновац” сургалт гайхалтай байлаа.

Өвөр Монголын Өөртөө Засах орны засгийн газрын санаачлагын төсөл болох “Жижиг атлаа үзэсгэлэнтэй 2026” (Small and Beautiful) төслийн хүрээнд Өвөр Монголын Тариалангийн Их Сургууль (ӨМТИС)-аас зохион байгуулсан “Training on Desertification Control Technology and Industrial Innovation” сэдэвт сургалт 2026 оны 5 сарын 6(Пү)-ний өдрөөс хагас бүтэн сайн дамнан 5 сарын 12(Мя) өдрийг хүртэл нийт 6 өдөр онол, арга зүйн сургалтууд болон хээрийн тандан судалгаатайгаар Эрээн хотын “Говь” олон улсын зочид буудалд болж өндөрлөлөө. Монгол улсаас ХААИС, ХАА-н эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдтэй хамт ШУТИС-ийн баг нэгдэж нийт 100 гаран шинжлэх ухааны олон чиглэлийн төлөөллүүд нэг дор цугласан салбар дундын талбар байлаа. Тодруулбал, Монгол Улсын холбогдох 8 байгууллагын нийт 113 судлаач, мэргэжилтэн, багш нар хамрагдсанаас Менежментийн сургуулиас Менежмент Стратегийн Тэнхимийн эрхлэгч Проф. Ж. Ганчимэг, Проф. Ч.Баасандаш, Дэд проф. Т.Сүмжидмаа болон докторант Т.Цэвээнгэрэл нар оролцов.

Дэлхийд өндрөөр үнэлэгдэж буй цөлжилтийг сааруулах БНХАУ-ын 78 жилийн урт хугацааны асар том төслийн ололт амжилт, технологийн инновациудаас суралцах сайхан боломж олгосон ӨМӨЗО-ны засгийн газар, ӨМТИС-ийн эрдэмтэн, судлаачид, оюутан залууст бүх оролцогчдынхоо өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

НҮБ-ийн цөлжилттэй тэмцэх COP17 Монгол улсад зохиогдохын өмнө болсон нь энэ сургалтын ач холбогдлыг илүү тодруулж өгсөн болов уу.

Эрээн хот Говь олон улсын зочид буудал. 2026.05.07.

Зураг 1. Монгол улсаас ӨМӨЗО-ны санаачлагын “Бага бас үзэсгэлэнтэй” төслийн “Цөлжилтийг удирдах технологи ба үйлдвэрлэлийн инновац” сургалтад уг сургалтыг зохион байгуулагчдын хамт нээлтийн үйл ажиллагааны үеэр.

ӨМТИС-ийн эрдэмтэд судлаачид дэлхийд талбайгаараа хоёрт орох өргөн уудам цөлийг ногооруулах нөр их судалгаа, инновацын үйл ажиллагааны үр дүн, нөлөөг онол, практикын өргөн хүрээнд зааж өгч элс, салхи, ус, хөрс, ургамал, мал, хүмүүсийн харилцан нөлөөллөөс бүрдсэн дэлхийн хамгийн төвөгтэй цөлжилт хэмээх асуудалд шийдэл олж буй түүхэн үйл  явдлын гэрч болж яс үндэс, хил хязгаарыг ялгадаггүй цөлжилт, бэлчээрийн доройтлыг гэтэлгэж буй бодит талбарууд, усгүй говьд орших Эрээн хотыг тойруулсан зам дагуух 50м өргөн 10км урт ногоон хэрмийг бүтээж буй Монгол өвс компани, жилийн 4 улирлын ухаалаг хүлэмж бүхий хоршоод нь төр, хувийн хэвшилтэйгээ гурвалсан нягт ажиллаж өрхийн орлогоо нэмэгдүүлж буй туршлага, усны нөөцгүй Эрээн хот холоос авчирсан усаа бүрэн дүүрэн ашиглаж ногоон байгууламжаа өргөтгөж байгаа талбаруудыг үзэж бодит байдлыг мэдрээд ирлээ

.

Зураг 2. Проф. Ли Зигуо цөлжилтөнд тэсвэртэй бас эдийн засгийн үр ашигтай ургамлууд юу байдаг тухай, дийлэнх нь эрүүл мэндэд ашиг тустай инновацын бүтээгдэхүүний түүхий эд гэдгийг баталж байв.

Зураг 3. Талбайн сургалтыг Эрээн хотын баруун хойно орчих “Монгол өвс”(Min cao) компаны автозамтай хослуулж эрээн хот руу нүүдэллэх элсний хаалт болгон бүтээж буй “ногоон зурвас”-ын бүтээн байгуулалт дээр явуулж байгаа нь.

Дэлхийн дулаарал, хүний хүчин зүйлээс үүдэлтэй цөлжилт, бэлчээр, хөрсний элэгдэл, доройтол нь салбарын дундын сэтгэлгээ, бодит шийдэлд чиглэсэн инновац-технологи хөгжүүлэлтгүй бол хөсөр хаягдсан хувь заяа хэвээр үлдэх байсан бизээ. Засгийн газрын тогтвортой бодлого-дэмжлэг, тариачин хятад, малчин монгол хүмүүсийн уйгагүй хөдөлмөрөөс гадна шинжлэх ухаан, технологийн шаргуу туршилт, судалгааны үр дүнд цөлжилтийг бууруулах боломжтойг ойлгож авлаа. БНХАУ 1 га цөлийг баянбүрд болгоход 500-700 мянган төгрөг (1000-1300 юан/Га)-ийн зардал гаргаж байгаа нь магадгүй өнөөдөр дэлхийн жишиг болох бизээ.

Дасан зохицох менежмент, цөөн хүн амтай Монгол улс хот айл, баг, сумдаа цөлжилтөөс хамгаалахад “Баянбүрд” бүтээх, бэлчээрийн бүтээмж, малаас авах ашиг шимтэйгээ уялдуулсан онол тооцоолол дээр тулгуурлан орчин үеийн менежментээр эдийн засгийн үр ашиг, байгаль орчины нөлөөг тогтвортой барих боломтой бөгөөд энэ чиглэлд хоёр талын МАА, бэлчээр судлалын судлаачид хэдийн туршилт судалгаагаа эхлүүлсэн сонирхолтой төслүүд эхлээд явж байгаа аж. Үүнд нь манай судлаач Т.Цэвээнгэрэл оролцож математик загвар боловсруулах, систем динамикийн симуляцыг нь хариуцан хийж байна.

Цөлжилт, бэлчээрийн доройтол нь зөвхөн хөдөө аж ахуйн асуудал биш бөгөөд ургамлын ургалтад сөргөөр нөлөөлдөг хөрсний давсжилт, уур амьсгалын өөрчлөлт, үйлдвэрлэлийн бохирдол зэрэг олон хүчин зүйлийн зангилаа юм. Иймд экосистемийг сэргээх, биологийн нөөцийг цогцоор нь ашиглаж эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд ногоон технологи, инженерийн шийдлүүдийг "Дасан зохицох менежмент" болон систем динамикийн загварчлалтай уялдуулах нь Монгол Улсад туйлын чухал юм.

 

Дрон, робот, хиймэл оюуны эрин үед бидэнд билэг оюунаа ашиглан Өвөр Монголын эрдэмтэн, судлаачидтайгаа хамтран ажиллах бүрэн боломжтойг ойлгуулсан дэлхийд үнэлэгдэх гайхалтай сургалт байлаа.

БНХАУ-ын дарга Ши Жин Пин “цөлжилтийг бууруулж удирдах нь өнөө ба хойч үеийн хүн төрөлхтөнд үр өгөөжтэй агуу үйл хэрэг” хэмээн тусгай хууль гаргасан байдаг. Сургалтад оролцогчид энэ санааг бүрэн ойлгож санал нэг байсан ба Монгол улс цаг алдалгүй энэ үйл хэрэгт мөр зэрэгцэн оролцож өөрсдийн мэдлэг туршлагаа зориулах ёстой болж байна