2026 оны 4 сарын 1 (Лха)
Энэ удаагийн профессорын семинарт 2016 онд БНСУ-ын Күкмин Их сургуульд “Компанийн энтрепренер хандлагыг бүтцийн тэгшитгэлийн загварын аргаар шинжлэх нь” сэдвээр Доктор(Ph.D)-ын зэрэг хамгаалсан Менежментийн сургуулийн Эрдэмтэн Нарийн бичгийн дарга Док(Ph.D), проф Б.Оюунтунгалаг оролцож өөрийн диссертацын ажлыг танилцуулахаас гадна диссертацын ажил бичихэд анхаарах ноухау-гаас хуваалцлаа.

Диссертацын сэдвийг сонгохдоо судалгааны загварт багтсан содон хувьсагчдыг оруулж өгөх нь тухайн судалгааны ажлыг олон уншигчдад хүргэх магадлалтайг тайлбарласнаар илтгэлээ эхэллээ. Судалгааны өгөгдөл цуглуулах явцад анхаарах зүйлс болон өгөгдлийг шинжлэх бүтцийн тэгшитгэлийн загварчлалын аргыг дэлгэрэнгүй танилцуулж, шинжилгээний үр дүнг хэрхэн тайлбарлаж дүгнэлт гаргах талаар өөрийн туршлагаас харамгүй хуваалцлаа. Төгсгөлд нь судалгааны үр дүнгийн онолын болон практик ач холбогдлыг танилцууллаа.
Профессорын семинарын төгсгөлд тус диссертацын ажлын сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг хийсэн бөгөөд Пакистан улсаас Менежментийн сургуулийн Менежмент, стратегийн тэнхимд зочин профессороор ажиллаж буй Док(Ph.D) проф Мухаммад Хасан өөрийн санал бодлыг хуваалцаж, тус диссертацын ажлын онцлог талуудыг дурдан сайшаалаа.